Saturday, May 16, 2009

Насан багын дурсамж


зургыг М. Бат-эрдэнэ

Энэ зургыг үзээд багын минь нэг сайхан дурсамж санаанд орлоо. Би тэр үед 5 р ангийн бацаан байлаа.
Манайх гэдэг айл сумын төв дээр байдаг аав ээж 2 маань хоёуулаа сургуульд ажилладаг болохоор зун л хөдөө нүүж зусдаг байв. Манай гэх хэдэн малыг аавын ах малладаг авга ахын хүүхэдүүд манайд ирж сургуульд суудаг байсан. Аав маань сумандаа, аймагтаа нэртэй сайн математикийн багш, авга ах маань нутаг усандаа нэртэй сайн малчин, малын эмч. Хичээлийн амралт болохоор л хөдөө авга ахынд очиж малаа маллана. Миний хувьд гэр бүлийнхээ өмнөөс авга ахынд очиж малаа маллаж буй том малчин.

Тэр зун 8 сарын эхээр авга ахынхаас 30 аад км зайтай шүү, мараа элбэгтэй газраад хонио оторлохоор боллоо. Оторт явах хүмүүсээ 2 хэсэгт хувааж 14 хоногоор ээлжилж явахаар болов. Манай хэсгийн ахлах хоньчиноор хамт оторт явах айлын маань хүргэн нь, нөгөө хэсгийн ахлах хоньчиноор хажуу айлын маань мундаг малч өвгөн, дагавар хоньчиноор манай үеэл (одоо мундаг авто-ын инженер) явхаар болов. За тэгээд ахлах хоньчин ахтайгаа оторт гарлаа даа. Эхний хэдэн өдөрт ч сайхан л байлаа. Гэтэл нөгөө ахын маань эхнэр нь төрөх болчихоод сумын төвд эмнэлэгт хэвтэв. Тэрнээс хойш нөгөө ахлах хоньчин маань байдаггүй ээ сумын төв яваад алга болов. Уул нь тэр ах маань гэр лүү явж хоол хүнс авчрах, шөнө хонио манах ажлыг нь хийдэг би хоол унд хийх, өдөрт нь хонио хариулдаг байв.

Ойр хавь хэн ч байхгүй эзгүй хээр талд жижигхэн товцогын оройд майханаа барьчихсан шөнө болохоор хонио майханаа тойруулж хэвтүүлээд л манаад хонодог байв. Ганцаараа ч гэсэн шөнө нь майханыхаа үүдэнд гар чийдэнгээ бариад л суугаагаараа хонож байлаа гэтэл 3 дөрөв хоног нөгөө ах маань ирдэггүй ээ. Хоол хүнс ч дууслаа, гар чийдэнгийн баттерэй ч дууслаа ер нь нилээн зудтарч эхэллээ.

Гэтэл тэр нэг шөнө айхтар аянга цахилгаан, мөндөртөй, ширүүн салхитай бороо оров. Майхан маань хийсч явчих гээд байдаг хэдэн хонь маань бороонд уруудаад алга болох гээд байдаг дээр нь цахилгаан цахиад үнхэлцэг хагалчих гээд байдаг 5 р ангийн хүүхэдэд бол хол ахдсан хэцүү даваа байсан санагдана. Өглөө боллоо хонио билчээчихээд норсон хувцасаа хатаагаад сууж байтал нөгөө ах маань ирлээ. За тэгээд отороо дуусгаад дайнд яваад ирсэн баатар аятай гэртээ ирцгээлээ. Манай үеэл бид хоёрыг хот айлынхан магтаад л мундаг малчин хүүхэдүүд өглөө 5 цагт босч хонио хариулдаг сайн малчин болно энэ тэр гэцгээж байлаа. Нөгөө манай ахлах хоньчин ахыг маань жаал зэмлэв хүүхэд ганцааранг нь үлдээсэн, явах байсан бол бидэнд хэлээд явахгүй гээд л хадам аав нь нилээн зэмлэв.

Гэтэл хот айлын ахынд үеэл бид 2 той нас чацуу нэг охин байх аав нь үел бид хоёрын аль нэгтэй том болохоор нь суулгана гэж ярина бид хоёр их ичнээ тэрнээс болоод тэднийд орохоо ч болисон. Одоо тэр охин нутагтаа олон сайхан хүүхэдтэй сайн сайхан амьдарч байгаа л гэсэн. Амьдралаа гэж... насан багын найзуудтайгаа хүүхэд насаа нэг сайхан дурсах юмсан...

Thursday, May 7, 2009

Би монгол эр хүн



Би МОНГОЛ эр хүн
Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших монгол эр хүн
###########################################
Би тулганд цойлон дүрэлзэх хүчит догшин галын дөл
Би шүлэг тэрлэн шүүрс алдах омог бардам Монгол эр хүн
Би халхын сайхан бүсгүйн харааг булааж хайрыг татсан
Би сэтгэл сэргээх айзам урсгаж уяран сагах Монгол эр хүн

Би нартад хорогдон шуугих хялмаат ширүүн шуураганы ширхэг
Би дуу аялан сэтгэл тайтгарч шуранхай хадаах Монгол эр хүн
Би сэтгэлийн сайхнаар ханиа дээдэлж халамжаа бүхэнд харамгүй хайрлах
Би халуун сэтгэл энэхэн биеээ бусдад зориулах Монгол эр хүн

Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших Монгол эр хүн
Би аргалын утаа үнэртэж ангир уургаа залгилж өссөн
Би тэнгэртээ сүслэн наранд залбирах хөх толботой Монгол эр хүн

Би дэлхийд тааваар амьдрах дээдэс заяат Монгол эр хүн
Би дээлээ бүсэлж хөөрөг зөрүүлэх дээшээ хиймортой монгол эр хүн
Би морин дэлдээр дарцаглан монголоо гээд цээжээ дэлдээд
Би морьтон ардын удам залгах уурага сунгах монгол эр хүн
##################################################
Би морин дэлдээр дарцаглан монголоо гээд цээжээ дэлдээд
Би барцадгүй монголын төлөө тэмцсэн өвгөдийнхөө зарлигтай Монгол эр хүн

Monday, May 4, 2009

Хаврын баяр 2009


Япон дахь монголчуудын хаврын баяр 5-р сарын 3,4 нд нижгэр сайхан болж өнгөрлөө. Хаврын баярыг ЯМОХ(Япон дахь монголын оюутаны холбоо)-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хаврын баярыг маш сайн зохион байгуулсан байлаа. ЯМОХ-ын залуусдаа баярлаж талархсанаа илэрхийлэе. Бусад зургыг

Saturday, May 2, 2009

Япон хэл суралцаж байгаа хүмүүст

http://smart.fm/home
Эхлээд энэ сайтад бүртгүүлэх. Англи хэлтэй бол сурахад маш дөхөмтөй. Бүртгүүлсэн хэрэглэгчээрээ нэвтэрч орно.
Уг нь энэ сайт англи хэл сурах зорилготой сайт боловч япон хэл сурах боломжийг бас нэмж оруулсан юм.

За тэгээд суралцах курсээ сонгоод хичээллэж өгнө дөө.

Learning Apps гэсэн хэсэгт 3 н сонголт байгаа.

1. iKnow!
2. Dictation
3. Brainspeed

1. iKnow! гэсэн програм нь тухайн курсын үгнүүдийг цээжлүүлэх зорилготой програм юм. Эхлээд үгнүүдээ нэг нэгээр нь заах ба дараа нь тэр үгнүүдээсээ тусгай дараалалаар асуух бөгөөд тухайн үгээ мэдэхгүй болон хариулж чадаагүй тохиолдолд дахиж заана. Тухайн үгийг ханзыг нь харуулж утгыг нь асуух, утгыг нь харуулж ханзыг нь асуух, ханзыг нь харуулж дуудлагыг нь асуух, дуудлагыг нь харуулж ханзыг нь асуух, ханзыг нь харуулж дуудлагыг нь бичүүлэх гэсэн дараалалаар сурсан эсэхийг чинь шалгана. Тухайн үгийг хэдэн хувьтай мэдэж байгаа талаархи мэдээлэлийг хувиар харуулна. Дээр нь тухайн үгийг богино хугацааны дотор олон удаа хичээллэж болохгүй бөгөөд энэ нь тухайн үедээ л цээжилчихээд дараа нь мартахаас сэргийлж байгаа юм. 3 аас дээш өдрийн дараа тухайн үг дахин хичээллэж болох боломжтой болно. Тэр үед нь та мэдэж байвал тэр үгийг сайн цээжилсэн байнаа гэж үзэх бөгөөд таны тэр үгийг мэдэж байгаа хувь буюу дүн тань нилээд нэмэгдэх болно. Тухайн курсын бүх үг 100 хувь болсон тохиолдолд тэр курсын бүрэн дууслаа гэж үзнэ.

2. Dictation энэ програм нь сонсгол сайжруулах програм юм. Өгүүлбэрийг хэлэх бөгөөд хэлсэний дагуу тухайн өгүүлбэрийг бичнэ. Алдаатай бичсэн тохиолдолд дахиж бичүүлнэ.

3. Brainspeed энэ програм нь тоглоом гэхэд болно. Өөрийнхөө сурсан зүйлээ шалгах тоглоом юм. За тэгээд тархинийхаа хурдыг үзээд байж дээ.


Миний хувьд зав зай бага гардаг болохоор
Japanese Core 2000 курсыг дуусаж байгаа.
http://smart.fm/series/3318

Одоогоор Japanese Core 6000 курсыг хичээллэж байна.
http://smart.fm/series/3321

За Япон хэл шамдан суралцаж байгаа хүмүүстээ амжилт хүсэе!

Эцэст нь хэлэхэд энэ програмын давуу тал нь хүний тархины тогтоох чадварт суурилсан repeated adaptive algorithm-ыг агшигласанд оршино.

Япон хэлтэй Англи хэл суралцаж байгаа хүмүүст ч гэсэн маш хэрэгтэй сайт шүү!